Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн охидын дунд "Надад асуудал байна..." уулзалт зохион байгуулж, 64-н охид оролцлоо. Охид - гэр бүл, хамт олон, найз нөхөд, өөртөө, сургуулийн орчинд тохиолддог нийтлэг асуудлаа бичиж, бусад охидтой санал бодлоо хуваалцлаа.
Уулзалтаар охидод тулгамддаг 90 гаруй асуудлыг тодорхойлсон ч хамгийн чухал 5-н асуудлыг онцолсон бөгөөд тухайн асуудлыг холбогдох удирдлагуудад тоот хүргүүлэн ажиллах юм.
- Охидын 00 /нойл/ хаалт, түгжээтэй болох, бага, дунд ангийн 00 тусдаа байх, маш бохир байдаг
- Ялгаварлан гадуурхалт /сайн, муу сурдагаар нь, ар гэрийн боломжоор нь, авьяастай, авьяасгүйгээр нь ялгаатай харьцах асуудал гардаг/
- Хичээл хийх орчин бүрдээгүй, сургууль дээр хичээлийн бус цагаар байх боломжгүй
- ЕБС-ийн зааланд чөлөөт цагаараа хүүхдүүд тоглох боломжгүй, том хүмүүст заалаа ашиглуулдаг
- Сургуулийн анги, танхим маш хүйтэн байдаг, хичээлд суухад хүндрэлтэй.
- Гэр бүлийн таагүй уур амьсгалаас гэртээ байх дургүй болсон /аав байнга архи ууж, ээжтэй хэрэлддэг, биднийг элдвээр хэлдэг/
- Сургууль дотор хүүхдүүд ус уух боломжоор хангах, цэвэр ус уух боломжгүй олон цаг хичээлдээ суугаад харьдаг
- Охидын өрөөтөй болох, ариун цэврийн хэрэглэл хийх хайрцаг байрлуулах
- ЕБС-ийн эмч сургууль дотор байрлаагүй нь очиход хүндрэлтэй байдаг
- Завсарлагааны цаг маш богино учраас 00-д орж, цайгаа ууж амжихгүй тохиолдол маш их гэх мэт олон саналыг дэвшүүлжээ.
Үүнээс хэрэгжүүлж болмоор олон асуудал байх бөгөөд гэр бүл, ар гэрийн дэмжлэг сурах нөхцөлд маш их нөлөөлдөг нь харагдаж байв. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байж багш нартай хамтран ажиллах нь нэн чухал билээ.
Охидын дэвшүүлсэн бүх асуудлыг 2022 оны 10 дугаар сард болох "ОХИДЫН ӨДӨР"-өөр олон нийтэд таниулах ажлыг үргэлжлүүлэн хийх юм.
ИТХ-ын Ажлын алба