Баянзүрх сумын ЕБС-ийн 12б ангийн сурагч Д.Дэжидмаа
"МИНИЙ МЭДЭХ ТӨЛӨӨЛӨГЧ" уралдаанд
Төлөөлөгч гэж хэн бэ?
Аливаа зүйлийг төлөөлж ямарваа нэгэн юмны дуу хоолойг бусдад таниулах цоожны түлхүүр нь байх гэж би боддог. Их ч бай, бага ч бай "төлөөлж" байна гэдэг нь асар их үүрэг хариуцлага хүч хөдөлмөр, зүрх сэтгэл шаардсан ажил юм. Угтаа "төлөөлөгч" гэдэг үг нь "төлөө+л+гч" гэсэн үгийн бүтцээр задарна.
1. Ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр
2. Ард түмнээ төлөөлж чадсан
3. Ард түмний төлөөлөгч болох буй за
ИТХ-ын төлөөлөгч бол НӨУБ-д сонгогдсон тойргийн иргэдийн төлөөлөгч нь мөн бөгөөд сумын нийт иргэдийн ашиг сонирхолыг эрхэмлэн баримтална" гэсэн хуулийн заалт бий. Нэг үгээр хэлвэл ИТХ-ын төлөөлөгчид бол ард түмний санал, хүсэлтийг дамжуулах дуу хоолой нь юм. Мөн сумын ИТХ-ын төлөөлөгч нь төрийн албаны болон ИТХ-ын ажлын албаны болон төлөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, хуулийг дээдэлж, төрийн нууцыг хадгалж ажиллахын дээр хуралд үг хэлэх, санал дүгнэлт гаргахдаа асуудалд нотолгоо үндэслэлтэй, хариуцлагатай хандах ёстой юм.
"Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэж манай Монголчууд ярьцгаадаг.
Төлөөлөгчид биеэ засаж байж л сум орон нутаг хөгжих бат бэх үндэс суурь нь болох билээ. Үүгээр үл барам өрх гэр хөгжвөл сум орон нутаг хөгжинө. Сум орон нутаг хөгжсөнөөр аймаг, цаашлаад улс хөгжинө. Төлөөлөгч нь хууль тогтоомж, төр засгийн бодлого, зорилт, сумын ИТХ-ын шийдвэр зорилтыг сурталчлан зохион байгуулах, хянан шалгах ажил, өдөрлөг зөвлөгөөн, сургалт семинарт идэвхтэй оролцох үүрэгтэй.
Төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Нутгийн Өөрөө Удирдах Ёсны байгууллага, сум, багийн Засаг дарга, ЗДТГ-ын албан хаагчид бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж хуульд заасан байдаг. Ард түмнийхээ санал, хүсэлтийг хүлээн авч цааш нь хэрэгжүүлэхэд туслах нь сум, орон нутгийн хариуцлагатай байдлаас хамаарна. Хэдий төлөөлөгчид сайн байлаа ч Засаг дарга болон Тамгын газрын албан хаагчид Төлөөлөгчдийн сонсохгүй, дэмжихгүй байх тал бий. Энэ нь төлөөлөгчдийг ард иргэдэд буруу ойлголт төрүүлж, ажлаа муу хийдэг гэсэн сөрөг бодолд ч хүргэж мэднэ.
2018.11.07 өдрийн судалгаагаар нийслэл, дүүргийн хүн амын 73.5%, орон нутгийн хүн амын 67.8% нь "өөрийн тойргийн төлөөлөгчийг мэдэдгүй" гэсэн хариулт өгчээ. Үүнээс ард иргэд өөрөө төлөөлөгчөө мэдэхгүй учир хаана, хэнд, хэзээ хэрхэн яаж санал хүсэлтээ хэлэхээ мэдэхгүй байдалд хүргэж байгаа юм.
Төлөөлөгчдөд ард түмний урмын үг, итгэсэн итгэл нь ажлаа сайн хийх хүч, сэтгэлийг тэжээгч талх нь болдог. Харин төлөөлөгчид ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр уулын бэлээс оргил руу нь мацах хэрэгтэй. Мацахад нь ард иргэд нь тулж, Засаг дарга, Тамгын газар болон төрийн бүх албан хаагчид дээрээс нь гараа сунгаж туслах хэрэгтэй.
Манай сумын хувьд 4000 гаруй хүн амтай тул 21 төлөөлөгчтэй. Төлөөлөгчид маань хөдөөгийн багийн малчдынхаа ахуй амьдралыг ойлгож, сумын иргэдийнхээ санал хүсэлтийг дэмжиж, эелдэгээр харилцан ажилладаг миний мэдэх хамгийн сайн төлөөлөгчид гэж би итгэдэг.
"Эзэн хичээвэл, заяа хичээнэ" гэсэн зүйр үг бий. Иргэд+Төлөөлөгч+ЗДТГ= Үр дүн гарна.
Миний мэдэх төлөөлөгч - Үнэнч сэтгэлтэй
Миний мэдэх төлөөлөгч - Ажилдаа хариуцлагатай
Миний мэдэх төлөөлөгч -Итгэл даадаг
Миний мэдэх төлөөлөгч - Үр дүнтэй ажилладаг байгаасай гэж би хүсч байна.
Миний мэдэх төлөөлөгч -Хог биш мод тарихыг уриалаасай
Миний мэдэх төлөөлөгч -Угаадас биш усаа гамнахаа таниулаасай
Миний мэдэх төлөөлөгч - Утас биш ном дээдлэхийг хүсэмжлээсэй
Миний мэдэх төлөөлөгч -Амралт биш ажлаа илүүд үздэг байгаасай гэж би мөрөөдөж байна.
Төлөөлөгч бүхэн ажилдаа халуун сэтгэлээр, цуцашгүй зангаар хандан сэтгэлээсээ байгаасай гэж би итгэж байна.
Төлөөлөгч та том ч бай бага ч бай улс орныхоо хөгжлийн ЧАГТ, ард иргэдийнхээ ЦАГААН ХООЛОЙ нь юм шүү.
Төлөөлөгч танаа ажлын их амжилт хүсье.