УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан сумын ИТХ-аас хэлмэгдэгсдийн ар гэрт хүндэтгэл үзүүлэх зорилгоор "ХЭЛМЭГДЭЛ- ТҮҮХИЙН ГЭРЧ" дурсамж яриаг олон нийтэд цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаад тус сумын өндөр настан, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонт Жигжээгийн Палайн дурсамж яриаг хүргэж байна. Тэрээр хэлмэгдлийн хар сүүдэрт 2 ахаа алдаж, 1 ахаа 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, "эсэргүүний үлдэгдэл" нэртэй олон жилийг туулсан буурал юм.
Ж.Палай нь одоо 90 насыг хүрч буй бөгөөд уг нь эцэг, эхээс 6-уулаа өсчээ.
Хэлмэгдсэн тухай:
"Би 1938 оны хавар 7 настай байсан. Тэр хавар манайх Шишхэд рүү нүүж, зусахаар явж байлаа. Манай гэр бараа Өлийн даваа даваад явсан, би ээжтэйгээ хонио туугаад араас нь явж байтал урьдаас олон хүн туусан, буу зэвсэг агссан хүмүүс гарч ирсэн. Хүмүүсийг зайдан морин дээр суулгаад, 2,2 эгнээ болгож, ард талын морины цулбуурыг урд талын хүний тохойноос уясан их ойрхон явцгааж байв. Нэг харгалзаж явсан хүн нь ээжийг "Сайн нүүж явна уу?" гэхэд ээж уйлаад дуу гарч чадахгүй өнгөрсөнийг би сайн санадаг юм. Ойролцоогоор 200-аад хүн байсан болов уу? гэж би боддог. Тухайн үед манай 3 ах шашны дацанд ном үзэж байсан. 2 ах маань аграмба цолтой, нэг ах минь зурхайч байсан юм билээ. Лам, бөө, зурхайч нарыг авч явахад 3-ахыг минь авч яваад 2-нь эргэж ирээгүй, 1-нь 10 жилд хоригдоод гарч ирсэн. Тэдгээр хүмүүсийг Хөвсгөл аймгийн Элстийн ар хавьцаа "цааш харуулсан" гэдэг.
Үүнээс хойш 1940 онд би бага сургуульд орж сурагч боллоо. Тэр үед багш, галч нар "эсэргүүний үлдэгдэл" гэж загнаж, хүүхдүүд "эсэргүү" хүүхэдтэй тоглохгүй гэж тоглоомноос хасдаг байлаа. Хүүхэд байсан болоод тэр үү, "эсэргүү" гэх үгийг ойлгодгүй болоод тэр үү юм бододгүй байж дээ. Ингээд сургуулиа төгсөөд, нас биед хүрч цэрэгт яваад ирэв. Цэргээс ирсэний дараахан багийн хурал болж, хуралдаан дундуур зөвшөөрөлгүй бие заслаа гэж багийн даргад загнуулж, бас "эсэргүүний үлдэгдэл" гэж цоллуулав, тэр үед гунигтай, харамсалтай санагдаж билээ. Би уг нь Паламжамц нэртэй байсан юм, цэрэгт явахдаа энэ нэрээ сольж Палай болгосон /"эсэргүүний үлдэгдэл" гэдгээ нууцалж байгаа нь тэр/, нэр ч амархан сольдог байсан юм уу даа.
1955 онд нэгдэлд анх ороход минь хяналтын хуудас ч юм уу анкет маягийн юм бөглүүлж, танайд "Эсэргүү нэрээр баригдсан хүн бий юу?" гэсэн асуулт байсан, энэ асуултад заавал хариулдаг, нууж болдоггүй байсан ч би нэгдэлийн ажилтан болсон юм даа, яагаад намайг ажилтнаар авсаныг мэдэхгүй, уг нь "эсэргүүний үлдэгдэл" гээд авахгүй байх байж.
Нэгдэлд ажиллаж байх үед өрхөөс "Сайн дурын сүү 30 литр" гэж заавал авдаг байлаа. Нэг хурал дээр "Сайн дурын сүү гэсэн мөртөө заавал 30 литрийг авдаг учир юу байна, сайн дурынх л юм бол 100 литрийг өгсөн ч болно, огт өгөхгүй байсан ч болно гэсэн үг шүү дээ" гэж хэлээд жинхэнэ "эсэргүү" болоод ажлаасаа гарч Улаанбаатар хот руу явсан даа. Улаанбаатар хотод очоод сайн хүмүүстэй таарч, ажил төрөлтэй ч болж, 1985 онд байгууллага маань намайг "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цол тэмдэгээр шагнуулахаар тодорхойлсон боловч, бас л "эсэргүү" хэргээр ах, дүү нь баригдаж байсан гээд олгоогүй гэдэг юм. 1985 он хүртэл энэ хэлмэгдүүлэлт, эсэргүү нэр явж л байсан хэрэг шүү дээ. Тэр үед манай байгууллагын дарга намайг дуудаад "Чи олон сайхан ажил хийсэн хүн, гэхдээ энэ шагналыг олгоогүйд гомдох хэрэггүй шүү" гэж билээ.
Нэг эхийн хэвлээс төрж, ар өвөртөө зүүгдэж өссөн ах нараа алдсан тэр мөч ухаан суугаагүй миний хувьд хүнд цохилт байсан даа, ах нараа үргэлж хүрээд ирэх юм шиг санадаг байлаа" хэмээн хуучласныг сийрүүлэн та бүхэндээ хүргэлээ.
ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛ БИДНИЙ МАРТАХ ЭРХГҮЙ, ДАВТАХ ЁСГҮЙ ТҮҮХ БИЛЭЭ.